top of page

Хойтон жилийн наадам

Хоног өдөр улиран Хорогдсоор л байна, гэвч Хойтон жилийн наадам Хол байна даа! Хол байна!

Аав тэр өдөр намайг Аль морио уна гэх бол? Эжийн тэгэхэд ямар дээл Эвхээсий нь задлан өмс гэх бол? Наадмын гурван хоногт Унасан морь маань гундасхийвч Нарны нь халуун илчинд Гоёлын дээл маань гандасхийвч Хамгийн түрүүнд, наадмаас Харьж ирэх сайхан. Багачууд дүү нараа шуугиулан Баярын чихэр түгээх сайхан. Дэнж дэвсэг дээр цоллуулж Хэний морьд айрагдсаныг Дэвжээ талбай дээр шоволзож Хэний хүү түрүүлснийг Хамгийн түрүүд, наадмаас Харьж ирээд ярих бас ч сайхан. Настан нялхас ялгаагүй тэдэнд Наадмын сонин дуулгах бүр ч сайхан. Хоног өдөр улиран Хорогдсоор л байна. Гэвч Хойтон жилийн наадам Хол байна даа! Хол байна! Зүүн голын Эгиймаа найз минь Тэр өдөр ирдэг болуу, яадаг бол? Зүс нийлсэн мориор гоёё гэвэл Тэр ер зөвшөөрдөг болбуу, яадаг бол? Наадам хүртэл баяртай гэж Найрсгаар тэр минь инээсэн юмсан. Хойтон болтол баяртай гэж Хонгор тэр минь хэлсэн юмсан. Болзсон өдөр түргэхэн шиг Болоосой гэж яарах юм. Хонгор түүнээ харахсан гэж Хоног өнжин яарах юм. Барианд очоогүй морьд, хойтон Түрүүлж ч мэднэ. Харахсан гэж яарнам Барилдаад үзүүрлэсэн залуу, хойтон Давж ч мэднэ. Үзэхсэн гэж яарнам. Цэнхэр дурдан алчуураа Эгиймаа Цэцэглэж зангидаад л ирэх байхдаа. Учрахсан гэж яарах юм. Хацар дээрх хонхорхой нь барааны газраас Хайр татам тодорно байх даа. Уулзахсан гэж яарах юм. Малчин хүний болзоо гэдэг Магадгүй ийм л урт байдаг юм. Урт тэр болзоо шигээ Уйдашгүй сайхан хайр байдаг юм.

Хоног өдөр улиран Хорогдсоор л байна. Гэвч Хойтон жилийн наадам Хол байна даа. Хол байна!

© C.Дашдооров

1969 оны 8 дугаар сар 1970 оны 5 дугаар сар Бүлээн-Туул

Featured Posts
Recent Posts
Search By Tags
まだタグはありません。
Follow Us
  • Facebook Classic
  • Twitter Classic
bottom of page